Монгол хүн 2012 онд Нобелийн Утга зохиолын салбарт нэр дэвшинэ
Монгол ардын аман зохиол бол нэн эртнээс нүүдэлчин ард түмэн монголчуудын дотор түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжээс урган гарч баялаг өв болж уламжлагдсаар өдий хүрсэн билээ. Түүний дотор Монголын яруу найраг өөрийн дүр төрхийг бий болгож мянга мянган жилийн турш хөгжсөөр ирсэн. Монголчуудын анхны яруу найраг Хүннүгийн дуу, Сяньби нарын “Ахын дуу” бөгөөд түүнээс нааш “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэрэг яруу найргийн томоохон туульсийн зохиолууд зохиогдсон байна.
“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” бол Монголын эртний уран зохиолын сонгодог бүтээл бөгөөд Монголын уран зохиолын ноён оргил гэж үздэг юм. Дундад зууны үеийн уран зохиолын ноён оргил бол Ванчинбалын Инжинашийн “Хөх судар”, Лувсанданзангийн “Алтан товч” зэрэг зохиолуудыг нэрлэж болно. Орчин үеийн уран зохиол нь төрөл зүйлийн хувьд олширч, сайн бүтээлүүд гарсан бөгөөд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Р.Чойном, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Л.Түдэв, Д.Цэвэгмид, Ж.Пүрэв, Г.Сэр-Од, Ц.Цэдэнжав, Ч.Лхамсүрэн, Д.Тарва, Д.Даржаа, Д.Сэнгээ, Ч.Чимэд, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Дашдооров, С.Дашдэндэв, Д.Гомбожав, М.Цэдэндорж, М.Ширчинпүрэв, Н.Нямдорж, Д.Шагдарсүрэн, Д.Нямаа, П.Пүрэвсүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа, О.Дашбалбар, Г.Мэнд-Оёо нарын алдар нэртэй сайн зохиолчид төрж гарсан юм. Орчин үеийн уран зохиолчдын талаар нэр усыг нь тоолоод байвал үүнээс ч урт жагсаалт гарна. Сүүлийн үеийн сайн зохиолчид Т.Галсан, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Галсансүх, Ц.Хулан, Д.Ган-Очир, О.Цэнд-Аюуш гээд яруу найрагчдын шинэ үеийн жагсаалт үргэлжилж байна. Монголын үе үеийн яруу найрагчид өөр өөрийн шүлэг найраглалын түүврийг гаргаж ард олноо соён гэгээрүүлж ирсэн юм. Монголын яруу найрагчид 1921-1990 оныхоныг Алтан үе, 1990-2000 оны үеийнхэнийг Мөнгөн үе гэх зэргээр нэрлэж шүлэг зохиолоо туурвиж байна.
Гэтэл нэн шинэ үе буюу 21 дүгээр зууны Монголын яруу найраг, уран зохиолын хөгжлийг тодорхойлох нэгэн бүтээл хэвлэгдэж гарсан нь М.Дөш-ийн туурвисан “Монголын их тобчиан” хэмээх нэгэн сонирхолтой түүх-уран зохиолын ном 2011 онд хэвлэгдэн гарсан байна. Өнгөрсөн оны намар номын дэлгүүрээр санаандгүй орж тэр номыг үзээд сонирхолтой санагдсан болохоор худалдан авч уншсаар түүний амтанд орж, монголын яруу найргийн гайхамшигийг тэндээс л олж харж уншиж мэдэрч байна. Энэхүү номын давуу тал, өвөрмөц байдал, яруу найргийн гайхамшигт чанарыг тоочоод баршгүй байна. “Монголын Их Тобчиан” хэмээх зохиол нь нийт 48.000 мөр бүхий шүлгээс (хоёр үетэй нэг мөртэй тул бараг 96.000 мөр шүлгээс) бүрдсэн, нүүдэлчид тэр дундаа монголчуудын бүх үеийн түүхийг бүрэн хамарсан, домог зүйн талаар өргөн мэдээллийг багтаасан бүрэн хэмжээний туульсийн зохиол болсон байна. Зохиогч өөрөө “Монголын их тобчиан” гэдэг бүтээлээ түүхийн он дарааллын бичиг, түүхт найраглал гэж үзсэн байгаа боловч судлаач миний зүгээс энэ бүтээл нь туульсийн зохиолын олон шинжийг өөртөө агуулсан байна. Тэгээд туульсийн зохиолын талаар нэлээд судалгаа хийж үзлээ. Үүний тулд Монголын туульсийн зохиолууд “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэргийг судлахын хамт дэлхийн хэмжээний туульсийн зохиолууд болох Грекийн “Илида”, “Одисей”, Энэтхэгийн “Махабхарата”, Киргисийн “Манас”, Гүржийн “Барсан хэвнэгт баатар” зэрэг алдартай туульсийн талаар судалж тухайн зохиолуудын яруу найргийн тоо хэмжээ, туульсийн утга агуулгын талаар харьцуулж үзэхэд энэхүү “Монголын их тобчиан” зохиол нь бүрэн хэмжээний туульсийн бүтээл бөгөөд яруу найргийн дээд хэлбэр дуулал найраглал болох нь харагдаж байна.
“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэрэг яруу найрагийн томоохон туульсын зохиолуудаас хойш эдгээртэй дүйх туульсийн зохиол манайд зохиогдсонгүй, гэтэл саяхан “Монголын Их тобчиан” хэмээх туульсийн зохиол хэвлэгдэн гарчээ. “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Хөх судар”, “Алтан товч” зэрэг нь монголын сонгодог зохиолууд бөгөөд хорин нэгдүгээр зуунд зохиогдсон “Монголын их тобчиан” нь эдгээр зохиолуудтай эн зэрэгцэхүйц утга зохиолын мөн чанарыг агуулж байгаагаараа онцлогтой юм.
“Монголын нууц товчоо” нь 1.200 гаруй мөр шүлэгтэй, “Гэсэр” тууж нь 4.000-12.000 мөр шүлэгтэй, Буриад “Гэсэр” нь 8.000-10.000 мөр шүлэгтэй, Халимаг “Жангар” нь 8.000-50.000 мөр шүлэгтэй, “Жангар” нь ерөнхийдөө 12.000 мөр шүлэгтэй туульсийн зохиолын ноён оргилууд билээ. Монгол ардын аман зохиолын дотроос яруу найргийн том хэлбэр нь Баатарлаг туульс байдаг бөгөөд ойрад халимаг, халх, буриад, торгуудын дотор өргөн дэлгэрсэн байна. Монголын хамгийн том тууль бол Халхад дэлгэрсэн “Зуун тавин насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль нь 14.000 мөр шүлэгтэй байна. Харин энэхүү дээд амжилтыг “Монголын их тобчиан” туульсийн зохиол 48.000 мөр шүлэгээрээ эвдэж Монголын уран зохиолын оргилд багтан орж, дээд амжилт тогтоогоод байгаа юм. “Монголын их тобчиан” зохиол нь хураангуй байдлаар хэвлэгдсэн гэж байгаа бөгөөд номын оршил дээрээс үзэхэд гучин түм (300.000) мөр байж болохоор байна. Гэхдээ одоогийн хэвлэлтээр нь үзсэн ч тус зохиол бол Монголын туульсийн зохиолын дээд амжилтыг тоо, чанарын хувьд нэгэнт эвдэж чадсан нь тодорхой байна.
Дэлхийн туульсийн зохиолын талаар судалж үзвэл, Грекийн “Илида”, “Одисей”, Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн үг”, Энэтхэгийн “Ра-маяна болон Махабхарата”, Киргисийн “Манас”, мөн “Давид Сасунский”, Гүржийн Шота Руставелийн бүтээл (XII зуун) “Барсан хэвнэгт баатар”, “Нартам”, Калевала”, түвдийн “Гэсэр”, Францийн “Роландын дуулал” (Их Карл хааны байлдан дагуулал) гээд алдартай зохиолууд байдаг байна.
Грекийн суут их яруу найрагч Хомер (Homer) МЭӨ VIII-VII зууны үед “Илида” буюу “Илиадийн дуулал”, “Одиссейн дуулал” хэмээх хоёр туульсийн зохиол туурвисан нь өрнөд дахин төдийгүй дэлхий дахинаа алдаршиж өдий хүрсэн байна. “Илиадийн дуулал” (Iliad) найраглал нь 15.700 орчим мөр шүлэгтэй, “Одиссейн дуулал” (Odyssey) найраглал нь 12.100 мөр шүлэгээс бүтдэг агуу туульсийн зохиолууд юм. Киргисийн “Манас” (Manas) тууль нь 995 оны үед зохиогдсон, нийт 40.000 мөр шүлгээс бүрддэг, үргэлжилсэн үгийн тоог нэмээд 500.000 мөр болдог агуу тууль юм. Энэтхэгийн “Махабхарата” (Mahabharata) тууль нь МЭӨ IV зууны үед зохиогдсон нийт 100.000-220.000 мөр шүлэгтэй тул дэлхийн хамгийн том яруу найраг туульсийн бүтээл болдог юм. Махабхарата бол анх 8800-аад мөр шүлэгтэй зохиол байсан бол одоо 100.000 мөр шүлэгтэй, “Махабхарата”-ийн гурван хувилбар байдаг байна. Эхний хувилбар нь 8.800 мөр, дэд хувилбар нь 2.400 мөр, гутгаар хубилбар нь 100.000 мөр шүлгээс бүтдэг байна. Монгол хэлнээ үргэлжилсэн үгээр найруулсан товч хувилбарыг орчуулсан юм. Энэ бүтээл дэхь жинхэнэ үйл явдалыг нь судлаачид МЭӨ 1500-аад оны үед болсон гэж үздэг бөгөөд МЭӨ VI-МЭӨ II үед тэмдэглэсэн гэж үздэг байна. Махабхарата туульсийг мэргэн арш Вияс зохиосон гэж үздэг байна.
Түвдийн “Гэсэр” (King Gesar) тууль нь XII зууны үед зохиогдсон гэж үздэг бөгөөд 30.000 орчим мөр шүлэгтэй, үргэлжилсэн үгтэйгээ нийлээд 1.000.000 мөр болдог том хэмжээний туульсийн зохиол юм. “Гэсэр” зохиол нь Түвд төдийгүй Монгол, Буриад зэрэг монгол үндэстний дотор тархан дэлгэрч тус тусдаа зохиогдсон байна.
“Жангар” (Җаңhр) тууль нь Ойрад монголчуудын дунд XV зууны үед зохиогдож, нийт Монголчуудын дотор өргөн тархсан байна. 1804 онд Германы эрдэмтэн В.Бергман анх “Жангар” туулийн анхны хэсгүүдийг Халимагийн туульчдаас олж мэдээд немц хэлээр орчуулан тайлбартайгаар хэвлүүлсэнээс хойш, Орос, герман, америк, япон зэрэг олон орны эрдэмтэд энэ туулийг олон талаас нь судалсаар байна. 1924 оноос оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монгол ардын уран зохиол болох туульсийн зохиолыг судалж, бичиж тэмдэглэх ажлыг эхлүүлсэн юм. Жангар тууль нь анх XY зууны үед (1400-аад онд) Ойрад монголчууд Алтайн баруун талаар Или Тарвагатай, Хобог Сайраар нутаглаж байхад үеэс үед ам дамжин хэлэгдсээр зохиогдож, Торгууд, дөрвөд тэргүүтэй ойрадууд Ижил мөрний зүг нүүхэд энэ тууль Ижил мөрний халимагуудын дотор өргөн дэлгэрсэн байна. 1908 оны үед Халимагийн алдарт туульч Эйлээн Овлаагаас 10 орчим туулийг Оросын эрдэмтэн В.Л.Котвичийн даалгавраар Номто Очиров тэмдэглэн авч хэвлүүлсэнээс хойш Халимаг, Монгол, Хятадын Шинжаанаас олон арван бүлгүүд нэмж олдсон байна. Халимаг, Монгол, Шинжаан ойрад гэсэн гурван хувилбар байгаа бөгөөд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 30 орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна. Жангар туулийн 500 жилийн ойг 1940 онд тэмдэглэсэн юм. Эйлээн Овлаа туульч анх 8.000 гаруй мөр шүлэгтэй “Жангар” туулийг хайлан хэлсэн байна.
Монголчуудын түүх, хэл соёл, зан үйл, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө яруу сайхнаар дүрсэлсэн аман яруу найргийн үлэмж том, өвөрмөц том хэлбэрийн бүтээл бол туулийн урлаг юм. Монгол тууль бол ардын аман билгийн нэн эртний төрөл бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг аварга том туурвил юм. Манай улсын хамгийн алдартай Жангар тууль 70 гаруй бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр нь 700-800 мөр шүлэгтэй, нийтдээ 50.000 мөр шүлгээс бүрддэг байна. Жангар тууль нь монголчуудын гайхамшигт дуулал бөгөөд монгол яруу найргийн олон хэлбэр маягийг багтаасан асар том цоморлиг зохиол юм. Энэ туульд бөө мөргөлийн яруу найраг багагүй байр эзэлдэг юм. Монгол туургатанд нийт 200 тууль байдаг бөгөөд 80 тууль нь судалгааны эргэлтэнд орсон байдаг байна. Монгол улсын Шинжлэх ухааны академи монголоос олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэж гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн Т.Дүгэрсүрэн “Жангар” туулийн 13 бүлгийг Халимаг хэлний галигаас халх аялгуунаа буулгаж олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Монгол судлалын их эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд “Жангар” туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч Өөлд Тангадын Галсан биелүүлж 2006 онд “Монгол Жангар” хөлгөн их судрын хоёр ботийг монгол түмэндээ өргөн барьсан юм. Жангар тууль бол улс төр, шажин, монголчууды ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл юм. Жангарын орон бол;
Үхэлгүй мөнхийн оронтой
Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг
Өвөлгүй хаварын хэвээр
Зунгүй намарын хэвээр
Даарах хүйтэнгүйгээр
Халах халуунгүйгээр
Сэр сэр гэсэн салхитай
Бур бур гэсэн хуртай
Бумбын орон болно”
гэж дүрсэлэн хэлсэн нь байгалийн эрс тэс халуун хүйтэн уурс амьсгал, үгүйрэл хоосролын гай гамшигийг зайлуулахыг хүсэж эрмэлзсэн нүүдэлч малчин ардын хүслэнг илэрхийлсэн байна. (Д.Цэрэнсодном) Жангар туулиас;
Эрдэнийн эхэн цагт гарсан,
Энэ олон бурхадын шажин дэлгэрэх цагт гарсан,
Тахи зул хааны үлдэл,
Тансаг Бумба хааны ач,
Үйзэн Алдар хааны хөвгүүн
Үеийн өнчин Жангар билээ.
Жангар туулийн гайхамшигт мөрүүд, “тэнгэрлиг” мөртэй шүлгүүдийг бичээд байвал барагдахгүй урт бөгөөд уншаад л баймаар байдаг юм.
Монголын туульсийн зохиолын нэг бол “Гэсэр” юм. Гэсэрийн туужийн олон хувилбар байдаг бөгөөд “Замлин Сэнчиний намтар” буюу “Монгол Лин Гэсэр” /1959/, “Номч хатны Гэсэр” /1960/, “Заяын Гэсэр”, “Цэвээний Гэсэр тууж” /1960/, “Тод үсгийн Гэсэр” зэргийг их эрдэмтэд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар оршил бичиж тус тус хэвлүүлжээ. 1716 онд Өвөрмонголд 7 бүлэгтэй “Гэсэр” туужийг модон бараар хэвлүүлсэн бөгөөд Жанжаа хутагт Агванчойдон XVII зууны сүүлчээр Хөх нуурт очих үедээ өөлд үлгэрчдээс “Гэсэрийн тууж”-ийг хэлүүлж хэвлүүлсэн гэж Ц.Дамдинсүрэн үзсэн байна. Гэсэрийн тууж нь гарал үүсэл, агуулга, үзэл санаа, хэв шинжийнхээ хувьд түүхэн шинж чанартай зохиол гэж Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Ц.Дамдинсүрэн (1908-1986) зэрэг үе үеийн эрдэмтэд үзсээр ирсэн юм. 1947-1948 оны үед Германы эрдэмтэн Д.Шредер (1910-1974) Амдогийн монголчуудын дунд жуулчлан явж 12000 мөр шүлэгтэй “Гэсэр”-ийн тууж (тууль)-ийг тэмдэглэн авчээ. Д.Шредерийн энэхүү гар бичмэл эх болон уг туужийн эхний 2400 гаруй мөр шүлгийн герман орчуулгыг В.Хайсинг удиртгал өгүүлэл бичиж 1980 онд нийтлүүлжээ.
“Гэсэр” тууль дээр Гэсэр хаан хятадын Гонма хааны төрийг засаж, Хойд хязгаарын арван хоёр толгойт мангасыг дарж, Шарай голын байлдаанаар олон дайснаа дарж байгаагаар гардаг юм.
Арван зүгийн эзэн богд Гэсэр хааны цадиг оршив гэдэг бүлэг дээр
“Арван зүгийн хамаг амьтныг эзлэн суух цагт
Арван хортын үндэсийг таслан төрсөн
Арслан богд Гэсэр хаан
Арван хоёр толгойт мангасын тивд өөд болоод” гэж гардаг байна.
Гэсэрийн тууж бол үзэл санааны хувьд хүчтэй нь хүчгүйгээ идэж, дээд нь дордыгоо дарлан мөлжих ёсыг үгүй хийж, энх тунх эрх тэгш амьдрахыг мөрөөдсөн дэвшилтэт зохиол юм. Гэсэр тууль дээр бөө мөргөлийн үзэл санаа, буддын шашны нөлөө үлэмж байдаг.
Буриад Гэсэрийн тууж нь Монгол Гэсэрийн туужаас бие даасан өвөрмөц шинж чанартайгаас гадна мөн биеэ даасан тусгай судалгаатай юм. Эрдэмтэн Ж.Цэвээн буриадын алдарт туульч Маншут Эмэгэнээс “Абай Гэсэр хүбүүн”, “Ха Ошир хүбүүн”, “Хурин Алтай” гэдэг нэртэй Гэсэрийн туужийн орчил бүлгүүдийг авч 1931 онд хэвлүүлсэнээс хойш Буриад Гэсэрийн туужийн судалгаа эрчимтэй хөгжсөөр иржээ. Буриадын эрдэмтэн М.П.Хомонов “Буриадын баатарлаг тууль Гэсэр” гэдэг ганц сэдэвт зохиолдоо; Буриад Гэсэрийн доторх домог үлгэрийн болоод хуучин ойлголтууд, уран сайхны дүрслэлийн арга хийгээд хэлний онцлог шинж тэргүүтнийг голлон өгүүлжээ. Зохиогч энэ судалгаандаа Буриад Гэсэр нь гарал үүслээрээ Төвд гэсэрийн туужтай холбоогүй, харин одоогийн төвд Гэсэрийн тууж нь монгол Гэсэрийн туужаас уламжлан авсан гэдэг саналыг дэвшүүлсэн байна.
“Монголын нууц товчоо” бол монгол үндэстний анхны түүхийн судар, уран зохиолын сонгодог зохиол юм. “Монголын нууц товчоон”-ыг 1240 онд Хэрлэний Хөдөө аралд зохиосон байна. Монголын нууц товчоог зохиосон зохиосон хүний нэр тэмдэглэгдэж үлдээгүй бөгөөд Шихихутуг ноён, Тэмүгэ Отчигин ноён, Сорхугтани бэхи хатан нарын нэгийг зохиосон гэж үздэг. Монголын нууц товчооны дэвтрийн тоо тодорхой бус бөгөөд 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь нь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг тоочжээ. Эдгээр тоочсон бүлгээс үзвэл Чингис хааны үеийн зөвхөн түүх мэт боловч vнэндээ тийм биш, ардын аман домогийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу, цэцэг үг, шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин шүлэг байна. Монголын нууц товчоонд нийт 1.230 мөр шүлэг байдаг юм.
Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ. Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг номын 6 дугаар нүүрт бичсэн нь: "Дундад зууны үед нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.
Нууц товчоонд Чингис хаан Монголын төвлөрсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингис хааны догшин талыг бас нуусангүй тоочин өгүүлсэн байдаг. Тус зохиол дээр чухам тэр цагийн олны байдлыг нүдний ємнє ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангүй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэж байлаа.
Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:
"Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв" гэжээ.
(Нууц товчооны 254 дүгээр зvйл)
тал нутагаар тархай бутархай ханлиг улсууд оршиж байтал Чингис хаан Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бүтээсэн тухай түүхт явдлыг Монголын нууц товчоон-д бичсэн юм. Монголын Нууц товчоо 282 зүйл байдаг бөгөөд Лувсандангийн бүтээд “Алтан товч”-д 233 зүйл нь байна. Гагцхүү энэ Алтан товч-д үг үсгийг буруугаар ойлгож өөрчилсєн ба хуулахад ташаарсан зүйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол түүхүүдэд Монголын Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зүйлүүд байдаг юм. Монголын хуучин түүхч, зохиолч нарын гарт “Монголын Нууц товчоон”-ы монгол үсгээр бичсэн эх байсан байна.
Монголын их товчоо, Гэсэр, Жангар зэрэг туульсийн сонгодог зохиолуудын зохиолч нь нэрээ тавихаа мартсан уу, эсвэл он цагийн урсгалд мартагдсан уу, ямартай ч монголчуудын дотроос суут хүмүүс төрж эдгээр зохиолуудыг зохиож монголчуудын дотор дэлгэрүүлсэн нь илэрхий билээ. Монголын их товчоо, Гэсэр, Жангар зэрэг туульсийн аварга том бүтээлийг нэг хүн зохиож чадсаныг бэлхэнээ нотлох нотолгоо нь Монголын их тобчиан хэмээх туульсийн зохиолыг нэгэн монгол залуу зохиож туурвисанаар баталж байна.
Туульсийн зохиол (Epic) нь “тэнгэрлиг” чанартай байдагаараа бусад уран зохиолын төрлүүдээс илт ялгарч байдаг юм. Туульсийн зохиол нь аль нэг үндэстэний нэгэн үеийн дайн байлдаан, баатарлаг үйл явдалын тухай нарийн тоочин бичиж, тухайн ард түмэнийг дэлхий дахинаа алдаршуулж байдаг юм. “Гэсэр”, “Жангар” зэрэг туульсийн зохиолууд дээр нүүдэлчидийн нэгэн үеийн дайн байлдааны тухай өгүүлж байдаг бөгөөд Жангар тууль дээр ойрадын ард түмэний дайн байлдааныг бүрэн дүрслэн гаргадаг бол Гэсэр тууль дээр монголын ард түмэний нэгэн үеийн байлдааныг дүрсэлдэг байна. Монголын нууц тобчиан туульсийн зохиол дээр Чингис хааны байлдан дагуулал, дайн байлдааны талаар нэлээд дэлгэрэнгүй өгүүлж байдагаараа тэнгэрлиг чанарыг агуулж байдаг юм. Монголын нууц тобчиан туульсийн зохиолын тэнгэрлиг чанар нь үе үеийн монголчуудын сэтгэл зүрхэнд бүрэн хоногшиж ирсэн юм.
“Монголын нууц тобчиан”-ы бүлгүүд;
Монголын нууц тобчиан нийт 12 бөлөгтэй.
1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе
2. Чингисийн идэр нас
3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. Хэрэйд улсын мөхсөн нь
7. Ван хан сөнөсөн нь
8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10. Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
“Монголын Их тобчиан”-ы бүлгүүд;
Монголын их тобчиан нийт 68 бөлөгтэй.
1. Монггол домог
2. Хүннү улусын тобчиан
3. Хүн улусын тобчиан
4. Сйанби улусын тобчиан
5. Муюн улус, Тугухун улусын тобчиан
6. Тоба улусын тобчиан
7. Нирун улусын тобчиан
8. Авар улусын тобчиан
9. Түрүг улусын тобчиан
10. Уйгур улусын тобчиан
11. Хиргис улусын тобчиан
12. Хитан улусын тобчиан
13. Хара Хитан улусын тобчиан
14. Монггол, Татар, Найман, Хэрэйд, Мэргид табун ханлиг улусын тобчиан
Их Монггол Улусын тобчиан
15. Чинггис хаганы бага нас ба идэр нас
16. Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжин дор Чинггис хаган цол өргөмжилөсөн инү
17. Чинггис хаган, Жамуха сэцэн ба Тайчиудтай тэмцэсэн инү
18. Чинггис хаган Татарыг сөнөөсөн ба Тогорил хагантай эбдэрэгсэн инү
19. Чинггис хаган Хэрэйд улусыг мөхөөсөн инү
20. Тогорил хаган сөнөсөн инү
21. Чинггис хаган Найман улусыг мөхөөсөн инү
22. Чинггис хаган Хүчүлүг ханыг дутаалгажу, Жамуха ханыг дарасан ину
23. Чинггис хаган Их Монггол улусын их суурин дээр өргөмжилөгдөсөн инү
24. Чинггис хаган шадар хишигтэн цэрэгийг байгуулагсан ину
25. Чинггис хаган Уйгур ба Ойн иргэдийг эзэлэн абасан ану
26. Чинггис хаган хуби хишиг соёрхосон ину
27. Чинггис хаган Зөрчид, Нангиад, Тангудыг эзэлэжү абасан ану
28. Чинггис хаган жалайрын Мухулай ноёныг зөрчидийн Алтан улус уруу мордуулажу, Хачиун ноёныг солонгосын Гуалин улус уруу дайлаар илгээсэн инү
29. Чинггис хаган Сартаул, Багдад, Гүржи, Болгар, Кипчак, Орос зэрэг олон улусыг байлдан эзэлэжү абасан ину
30. Чинггис хаган Тангудыг дахин дайлажу мөхөөсөн инү
31. Чинггис хаган тэнгэри дор халисан ану
32. Өгэдэй хаган, их суурин дээр өргөмжилөгдөсөн инү
33. Өгэдэй хаган зөрчидийн Алтан улусыг мөхөөжү, Солонгосыг дайласан ану
34. Бату хаган, Сүбэдэй багатур нар Өрнө дахиныг байлдан дагуулсан ану
35. Өгэдэй хаган тэнгэри дор халисан ану
36. Гүюг хаган, өргөмжилөгдөсөн ба түүний аян дайн
37. Мөнгхэ хаган, өргөмжилөгдөсөн ба түүний аян дайн
38. Хүлэгү ил-хаганы аян дайн
39. Ариг-Бөхэ хаган, Хубилай хаган хоёр их суурин дээр суусан ба Ариг Бөхэ хаган, Хубилай хаган нарын тэмцэл
40. Хубилай хаган Хөхэ Юан улусыг байгуулагсан ану
41. Хубилай хаган Өмнөд Сүн улусыг мөхөөжү, нангиад ороныг байлдан эзэлэжү абасан ану
42. Хубилай хаган Наран улусыг добтолон байлдасан ану
43. Хубилай хаган солонгосын Гуалин улус, выетнамын Аннам ба Темка улус, Бирм, Камбож, Ява аралын улусуудыг байлдан дагуулагсан ану
44. Хубилай хаган тэнгэри дор халисан ину
45. Зүчи-ийн улусын тобчиан
46. Цагадайн улусын тобчиан
47. Өгэдэйн улусын тобчиан
48. Ил хагант улусын тобчиан
49. Тэмүрийн улусын тобчиан
50. Их Могол улусын тобчиан
51. Монгголын Хөхэ Юан улусын тобчиан
52. Дөчин Монггол, Дөрбэн Ойрад хоёрын Монггол улусын тобчиан
53. Ойрад улус, Зүүнгар улусын тобчиан
54. Хөхэ нуур дахи Хошууд Монггол улусын тобчиан
55. Халимаг Торгууд улусын тобчиан
56. Түмэд ханлиг, Ордос ханлигийн тобчиан
57. Харачин ханлигийн тобчиан
58. Хорчин ханлиг, Муу мингган ханлигийн тобчиан
59. Жаруд ханлигийн тобчиан
60. Буриад Монгол ханлигийн тобчиан
61. Хотохойд ханлигийн тобчиан
62. Халха Монггол улусын тобчиан
63. Манжу зөрчидийн ноёрхолын үе дэхи Монгголын тобчиан
64. Олоноо өргөгдөсөн Монггол улусын тобчиан
65. Бүгд Найрамдах Монггол Арад Улусын тобчиан
66. Монггол улусын тобчиан
67. Монггол мину;
68. Дөши үгэ ману;
“Монголын нууц тобчиан” ба “Монголын их тобчиан” хоёр зохиолыг харьцуулан үзвэл Монголын их тобчиан дотор Монголын нууц товчооны бүх бүлгийг багтааж “Тэмүжиний уг гарал ба бага насны үе” ба “Чингисийн идэр нас” хоёр бүлгийг нэгтгэн нэг бүлэг болгосон байх бөгөөд зарим бүлгийг дотор нь хоёр бүлэгт салгаж үйл явдалыг тодорхой болгосон нь харагдаж байна.
“Монголын их тобчиан” зохиол нь нийт 48.000 мөр шүлэгтэй, хоёр үе бүхий нэг мөрөөс бүтэж байгаа бөгөөд нэг үеэр тооцоход 96.000 мөр шүлэгтэй туульсийн зохиол байна. Тус зохиол нь 6 мөрт бадагтай нийт 8000 гаруй бадагтай байна. Монголчуудын агуу түүхийг өгүүлэх “Монголын нууц товчоо”-г бүрэн эхээр нь яруу найргийн хэлбэрт хөрвүүлж “Монголын Их тобчиан” зохиолдоо оруулсан нь тус зохиолын 7-8%-ийг эзэлж байна. Тус номын оршилд бичсэнээр Алтан товч, Судрын чуулган зэрэг бусад олон түүхэн сурвалжуудаас түүхэн үйл явдалыг нөхөн бичиж монголчуудын эртний түүхийн талаар дэлгэрэнгүй бичсэн байна.
“Монголын Их тобчиан” хэмээх туульсийн зохиолыг уншиж байхад нэгдүгээр бүлэг “Монгол домог” дээр монголчуудын эртний домгуудыг тулгуур болгож монголчуудын ертөнцийг үзэх үзэл санаа, гүн ухааны үзэл санааг чадамгай гаргасан байна. “Монгол домог” дээр;
Эрхэтү Мөнгхэ тэнгри мину тэнгэринүүдийг захиражу байхад,
Ээ-Хайрхан тэнгэри эцэг мину эл огторгуйг эзэнгнэжү байхад,
Эцэгэ Милийан тэнгэри мину эбүгэн буурал болоогүй байхад,
Эхэ Юүрэн хатун эжий мину эмэгэн буурал болоогүй байхад,
Хан Хормуста тэнгэри-ийн, хан суурин дээрээн суужу байхад,
Атаа Улаан тэнгэри-ийн, аглаг огторгуйг донсолгожу байхад,
Оёдол Цагаан тэнгэри-ийн, обоорон үүсэжү тогтоогүй байхад,
Оёор Цагаан тэнгэри-ийн, оболзон буцалажу үүдээгүй байхад,
Огторгуйн уудам дээр Тэнгэри-ийн зам бий болоогүй байхад,
Манзан Гүрмэй төөдэй эжий мину сариухан залуухан байхад,
Маяс Хара Төөдэй эжий мину ануухан залуухан эжий байхад,
Маши хүчирхэг тэнгэри хөбэгүд ни манцуйтай жаахан байхад,
Өндөр дүүлим тэнгэри-ийн, өтгөн цагаан униар татажу байхад,
Үлгэн өнцөг дайдын, үйрмэг шороо тоосон өрөмтөжү байхад,
Огторгуйн олон тэнгэричүүд голомтынхоо тоонот дээр байхад,
Барууны табин табун тэнгри баахан бичийхан дайд мэт байхад,
Зүүний дөчин дөрбэн тэнгри зүлэг ногооны чинээ бага байхад,
Зүүн, баруун ерэн есөн тэнгринүүд зөрчилдөөн ч үгүй байхад,
Алтан шар нараны, алиганы чинээн гал улалзан асажу байхад,
Мөнгөн цагаан сараны, мөөрийн чинээхэн мөлилзөжү байхад,
Хар цагаан хоёр харшилдаагүй хамаг түмэн өнгө хамт байхад,
Хатуу зөөлөн хоёр хабиралдаагүй хамаг бодис цулгуй байхад,
Усу шороон хоёр урилдаагүй уудам огторгуй цул бүхэл байхад,
Урин салхи, уяман жабар хоёр уясаагүй ууртай догшин байхад;
Эрхэтү Мөнгхэ тэнгэри эцэг мину бүх тэнгэринүүдийг мэдэжү,
Ээ-Хайрхан тэнгэри эцэг мину энэ огторгуйг эзэнгнэн мэдэжү,
Эгээ Ихэ бурха эжий мину тэнгэри-ийн язгуурт охидоо өсгөжү,
Эцэг Милийан тэнгэри, Эхэ Юүрэн хатун хоёр учиран золгоод
Энгүй уудам огторгуй дээр ерэн есөн тэнгричүүдийг төрүүлэжү
Эрхэм сайн ерөөлөөр эзэн дээд тэнгэричүүдийг өсгөсөн билээ.
Эхэ Ихэ Бурха эжий болбаас бүх огторгуйн тэргүүлэгчи билээ.
Эхэ Ихэ Бурха эжийн төрүүлэжү өсгөсөн язгуурт охид болбаас
Манзан Гүрмэ Төөдэй, Маяс Хара Төөдэй хоёр тэнгри эх билээ.
Манзан Гүрмэй Төөдэй, барууны табин табун тэнгри-ийн эх билээ,
Маяс Хара Төөдэй, зүүний дөчин дөрбэн тэнгри-ийн эх билээ.
Отхан эхэ тэнгри буюу Үт-эхэ тэнгри бол Голомту эжий билээ.
Есөн дүүлим тэнгэри-ийн орой дээр эзэнгнэжү гагцаар суусан,
Долоон өнцөг дайдын домог барин суусан Эцэгэ Малаан тэнгри
Хан Хормуста тэнгэри хөбэгүнээ өбдөг дээрээн өргөжү өсгөөд,
Хабирганаас ни халхалан эрүгэн дороо өөбэйлэн хүмүүжүүлэжү
Хаганы суурин дээр суулган хан дээд тэнгэри дээр дэбшүүлээд
Хамаг дайд огторгуйн баруун этгээдийг мэдэжү ябусугай гэбэй.
Эхэ Юүрэн хатун эжий мину, ерэн есөн тэнгэри-ийг төрүүлэжү
Мянган цагаан тэнгэри бурхачуудыг манцуйлажу абасан билээ,
Түмэн цагаан тэнгэричүүдийг түшүүлэжү тэтгэн өргөсөн билээ,
Буман цагаан бурхачуудыг буянтай сайн хүмүүжүүлэжү билээ,
Өмнө зүгийн ерэн есөн тэнгэри-ийг өдөр шөнө үгүй өөбэйлэжү
Өргөн огторгуйн дайд даяар өндөр суурин дээр суулгасан билээ.
гэж тус домог эхэлж байгаа нь монголчуудын эртний Бөө мөргөлийн шүтлэг ёсоор анх тэнгэрүүд үүсэж байгаа талаар гаргажээ. (Энд зохиогч нэр томьёог монгол бичгийн галигаар бичсэн байгаа юм. Тиймээс тус зохиолоос иш татаж байгаа шүлгүүдийг тэр галигаар нь бичлээ.) Ерэн есөн тэнгэр, барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэр анх үүсэж байгаа домог, ертөнц дэлхий үүсэж байгаа домог, хүний үүсэл, амьтны үүсэл зэрэг олон домгуудыг энэ бүлэгтээ нэгтгэж гаргасан байна. Тус зохиолын эхлэл болох энэ хэсэг дээрээс харбал бөөгийн яруу найргийн айзам хэмнэл илэрхий харагдаж байна. Бөөгийн шашны тухай бүрэн төгс мэдлэгийг энэ номын эхний бүлэг дээрээс бүрэн олж авахаар байна. Монголчуудын шашин шүтлэг бол Мөнх тэнгэрийн шашин буюу Бөөгийн шашин билээ. Мөнх тэнгэрийн шашин ба монголын түүхийг хооронд нь уялдуулж бичсэнээрээ тус зохиолын утга чанарыг улам гүнзгийрүүлж байна. Дэлхий дахинд монголын түүхийн талаар бичихдээ дайн байлдаан, овог аймгуудын талаар голлож бичдэг боловч монголчуудын шашин шүтлэгийн талаар бага судалж бичиж ирсэн юм.
Хан Хормуста тэнгэр, Атаа Улаан тэнгэр хоёрын тулалдааны тухай, мөн газар дэлхийг бий болгох үед Хөхэдэй мэргэн, Эрлиг хаан хоёрын тэмцлийн талаар өгүүлсэн байна.
Газар дэлхийн үүслийн тухай өгүүлэхдээ;
Ээ-Хайрхан тэнгри-ийн зарлигаар энэ хөбчин дэлэхэй үүдэжү
Эцэс төгөсгөл үгүй, зах хязгаар үгүй нэлүй Усун далай үүсэжү
Эцэгэ Малаан тэнгэри-ийн зүтгэлээр Өтүгэн агула өргөгдөжү,
Этүгэн эх Газар эхэлэн тогтоод хар шороо бургилан өргөжижү,
Ерэн есөн тэнгри-ийн хүчүнээр шороо, усун булхалдан салажу
Этүгэн дэлэхэйн хөрүсү шороон дээр хур усун хуражу буубай.
Ээ-Хайрхан тэнгэр, Эцэг Милиян тэнгэр нар хүнийг анх бүтээгээд газар дэлхий дээр тавихад бөөлж буусан тухай домгийг бичсэн байна. Энд Өтүгэн тэнгри гэдэг нь монголчуудын шүтээн Отгонтэнгэр уул юм. Эртний хүннү, сяньби, түрэг, монголчуудын үеэс Отгонтэнгэр уулыг шүтэж ирсэн юм.
Хамаг огторгуйн тэргүүлэгчи Ээ-Хайрхан тэнгри-ийн цаазаар
Хамагийг бүтээгчи Эцэгэ Малаан тэнгри анх хүнийг бүтээгээд
Хан дэлэхэйн газарын өр Өтүгэн уулан дээр хүнийг табихуйяа
Хара хүн, арисан хэнгэрэг хэц бариад онго тэнгри-ээ дуудажу
Хайрхан тэнгри-ийн зарлигийг дамжуулан хатуу ширүүн үгээр
Хар шороон газар дээр шууд бөөлөжү буусан домогтой бүлгээ.
Эхний бүлэг дотор Хөхэдэй мэргэн, Эрэхэй мэргэн зэрэг олон домгуудыг нэгтгэж, долоон бурхан од, мичид зургаан од гээд олон тооны монгол домгийг оруулсан байх юм. Мөн энэ бүлэг дотор эртний монголчуудын бөө мөргөлийн шүтлэг, буга чоно гахай зэрэг амьтаныг шүтэж байсан тухай нэлээд тодорхой гаргасан байна. Дундад зууны үеийн монголын түүхэн зохиолууд бүгд шахуу Буддын шашны нөлөөн дор бичигдэж эхлэхдээ л шууд Буддын шашны тухай бичиж, монгол хаадын язгуурыг түвд энэтхэгээс гаралтай гэж бичсэн байдаг. Гэтэл “Монголын их тобчиан” ном эхлэхдээ л монголчуудын эртний шүтлэг Бөө мөргөлийн шашны домгуудаар эхэлж, дэлхий ертөнц, хүн, амьтныг тэнгэрүүд бүтээж байгаа талаарх монгол домгуудаар эхэлж байна. Бидний монголчуудын хувьд бараг мартагдсан, зарим нэгийг нь сонссон ч үлгэр мэт төсөөлж анзаарахгүй байсан тэдгээр домгууд нь монголчууд бидний өвөг дээдсийн хувьд ертөнцийг үзэх үзэл санаа байсныг энэ зохиол дээр чадамгай ашиглан гаргаж нүүдэлчдийн гүн ухааны үзэл санаа хэрхэн хөгжиж байсныг нүдэнд харагдтал бичсэн байна. Нүүдэлчдийн домог бол хүннү, түрэг, монгол олон нүүдэлчдийн оюун санааны чухал өв соёл юм. Ерэн есөн тэнгэр, бусад тэнгэр, ертөнцийн үүсэл, хүний үүсэл зэрэг нүүдэлчдийн домгуудыг Монголын түүхтэй шууд холбож бичсэнээрээ “Монголын их тобчиан” нь монголчуудын гүн ухааны хувьд том бүтээл болж чадсан гэж үзэж байна. Монголын гүн ухаан (философи)-ы талаар бичсэн Мөнх тэнгэр, бөө мөргөлийн шашны талаар судалгаа хийж байгаа түүхч эрдэмтэн философичид энэ номон дээрх шиг нарийн тодорхой тоочиж гаргаж чадахгүй явсаар байлаа. Христосын шашныхан Библи судар ёсоор Бурханы бүтээгч нар анх Адам Ева хоёр хүнийг анх бүтээж, тэднээс хүн төрөлтөн үүссэн гэдэг бол, Буддын шашиныхан хүнийг Бурхан бүтээсэн гэдэг бол монголын Бөөгийн шажиныхан Эцэг Милиян Тэнгэр анх Хар бөө хүнийг анх бүтээж, тэднээс хүн төрөлтөн үүссэн гэдэг бөгөөд тус зохиол дээр Тэнгэр бурхан, хүнийг бүтээсэн домгийг гайхалтай урнаар гаргаж түүхтэйгээ холбон нэгтгэсэн нь тус зохиолыг гүн ухааны болоод шашны зохиол болгож чадсан байна.
“Монголын их тобчиан” зохиол дээр Хүннү, Хүн, Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Хитан зэрэг эртний улсуудаас гадна Монгол гүрэн, түүнээс салбарласан Юан улс, Алтан Ордны улс, Илхаадын улс, Цагадайн улс, мөн Төмөрийн улс, Могол улс гээд бүх л улсын түүхийг бичиж гаргасанаар түүхийн том бүтээл болсон байна. Тус бүтээл дээр Ойрад, Зүүнгар улс, Хөх нуурын Хошууд улс, Ижил мөрний Торгууд Халимаг улс, Халх Монгол улс зэрэг улсуудын тухай товч туурвиж, мөн Буриад Монгол, Хотохойд, Түмэд, Ордос, Харачин, Жаруд, Хорчин, Муу мянган зэрэг жижиг ханлигуудын түүхийг ч оруулсан байна. Тус зохиогчийн өгүүлсэнээр монголын 2200 жилийн түүхийг хураангуйлан нэгтгэж бичсэнээрээ энэ ном бол монгол төрийн түүхийн ном болж байгаа юм. Нөгөө талаар тус ном дээр Түмэн шаньюй, Модун шаньюйгаас Чингис хаан хүртэл, түүнээс нааш ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд хүртэл шаньюй хаан, хан, ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг цолтой 1267 хүний нэр, төр барьсан хугацаа, угсаа залгамжлалын талаар тоочиж бичсэн байна. Монголын түүх дээр зааж байгаагаар Чингис хаанаас Лигдэн хаан хүртэл 37 хүн төр барьсан гэдэг бол тус түүхэн туурбил дээр 45 хүн төр барьсан байна.
“Монголын их тобчиан” зохиол нь дайн байлдааны түүхийг дэлгэрэнгүй өгүүлж байгаагаараа баатарлаг туулийн шинж чанарыг өөртөө агуулж байгаа юм. Энэ зохиолд XIII зууны үед Монголын байлдан дагууллыг өргөн хүрээнд тоочин бичиж туурвисан байна. Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хаан, Бат хаан, Мөнх хаан, Хубилай хаан, Хүлэгү ил-хаан зэрэг Их хаадын байлдан дагууллыг маш өргөн хүрээнд олон арван мянган мөр шүлэгтэй тууль болгож бичсэн нь “Монголын их тобчиан” зохиолын онцлог юм. Монголчууд олон арван жилийн турш дайн байлдаан хийсэн боловч энэхүү агуу түүхээрээ тууль зохиогоогүй өдий хүрсэн юм. Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчуудын аян дайны тухай тууль зохиогдсонгүй, харин тодорхой нэг түүхэн дээр тулгуурлаж Жангар, Гэсэр зэрэг туулиуд зохиогдсон байна. Монголын нууц товчоон дээр Чингис хааны байлдан дагууллын талаар бүрэн тоочиж бичээгүй, товч төдий дурдсан байдаг бол Монголын их тобчиан дээр байлдан дагууллын талаар маш нарийн тоочиж бичсэнээрээ туулийн шинж чанарыг бүрэн агуулж байгаа юм. Монголын байлдан дагууллын эдгээр бүлгүүдээр кино ч хийж болохоор өргөн хүрээний мэдээлэл байна, мөн хүүхдэд зориулан хүүхэлдэйн цуврал кино ч болохоор байна. Тус зохиолд “Монголын нууц товчоон”-ы бүлгүүдийн гарчиг байгаа боловч тэдгээр бүлгүүдийг бүрэн хэмжээгээр өргөтгөж, монголын түүхийн гол сударууд болох “Судрын чуулган”, “Алтан товч”, “Юан ши” зэрэг түүхийн олон судраас ашиглан нөхвөр болгож Монголын Их тобчиан-ыг бичсэн байна. Туулийн гол онцлог бол дайн байлдааныг тоочин бичиж, тулалдааны нарийн ширийн үйл явдалыг тоочин гаргаж, үйл явдалыг нэг бүрчлэн өгүүлдэгээрээ онцлог байдаг. Энэ бүх шинжүүдийг “Монголын их тобчиан” дээр бүрэн гаргаж чаджээ. Грек, энэтхэг, түвд, монгол, киргис, гүрж, орос зэрэг үндэстний аварга том туульс нь хэдэн зуун жилийн өмнөх үеийн дайн байлдаан дээр үндэслэж яруу найраг-туулийн хэлбэрээр хэдэн арван мянган мөр шүлэгтэй зохиогддог бол “Монголын их тобчиан” түүхт тууль нь 800 жилийн өмнөх дайн байлдааны үйл явдал дээр үндэслэж, мөн нүүдэлчдийн улс гүрнүүд, шашин шүтлэг, гүн ухаан, домгуудыг бүрэн багтааж бичигдсэн байна. Монголын нууц тобчиан дээр Чингис хааны дотоодын тэмцэл байлдааныг дэлгэрэнгүй өгүүлээд, харин гадагши хийсэн аян дайныг товч бичсэн байдаг бол Монголын их тобчиан дээр Чингис хааны дотоодын тэмцэл байлдааныг улам дэлгэрэнгүй болгож, Чингис хааны аян дайныг маш дэлгэрэнгүй нарийн тоочин бичиж, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай зэрэг их хаад ба Бат хаан, Хүлэгү ханы аян дайныг тууль хэлбэээр бичихийн зэрэгцээ Доголон Төмөр, Бабур, Акбар хаадын байлдааны түүхийг яруу сайхнаар тууль болгосон байна. Түүнчлэн нүүдэлчдийн улс гүрнүүдийг байгуулсан Модун шаньюй, Таншихуай, Шулугун, Буман, Елюй Абаужи, Елюй Даши зэрэг хаадын байлдааны түүхийг энэхүү зохиолдоо бүрэн тусгаж оруулжээ. Иймээс Монголын их тобчиан нь Нүүдэлчин ард түмнүүдийн байлдааны түүхийг хураангуйлан бичсэн нүүдэлчдийн баатарлаг туульсийн цоморлиг болсон байна.
“Монголын нууц тобчиан”-ы үйл явдалаас ишлэн бичсэн нь;
Одтой тэнгэр дор Тэмүжин, Тогорил хаган, Жамуха нар нийлэжү
Олон мэргидийн оцогор гэрийг эбдэжү, олигтой эмсийг олзолон
Орхон Сэлэнгэ хоёр мөрөний ой талаас олз омог дүүрэн буцажу,
Талхун арал дээрээс тал нутагаа зүгэлэн туг юугаан мандуулажу
Тэмүжин, Жамуха хоёр хамт Хорхунаг Жубурыг чиглэн ябажу
Тогорил хаган Бурхан халдуны эбүр хяраар Өхөрт шугуйг дайран
Гацууртай сүбчид, Улиат сүбчид гэдэг газарыг дайран гаражу
Болд дөрөө харшуулан хэрэйдийн моритонууд ан гөрөө хийсээр
Тогорил хаган Туул голын Хара шугуй дор буцажу харисан абай.
Тэмүжин Жамухай хоёр Хорхунагийн хөндий дор нийлэн буужу
Тэд эртэний анд бололцосоноо дурдажу, улам дотно анд боложу
Тэнд хоёул найрамдая гэлцэн Онон мөрөнөө онц үгээ хэлцэбэй.
Чингис хаан, Жамуха анд хоёул цэрэглэн мордож өөр зуураа хүүрнэн ярилцаж байгааг дүрсэлэн бичихдээ;
Тэмүжин, Жамуха андтай хамт ябатал, эзэний мори бүдэрэбээс
Тэмүжин, морины тэргүүнийг минаа ташуураар дэлдэсэн дор
Жамуха сэцэн инээхэд, Тэмүжин хан хөбэгүн зарлиг болоруун;
“Жамуха чам дор ямар баяр болоба” гэбээс Жамуха өчисөн ни;
“Бор этүгэн эхийн даруулга бурха эзэн Бурхан Халдун буй за.
Бүх монгголын тэргүүн болох Бүх улусын эзэн богда чи буй за.
Хөлийн эндэсэнийг тэргүүнээс абаху, хөбэгүдийн эндэсэнийг
Хөгшин эцэгээс абах буюу. Бор этүгэний эндэсэнийг болбаас
Бурхан халдунаас эрэх буюу. Бүх улусын эндэсэнийг болбаас
Богда эзэнээс эрэх буюу” гэжү өчибөөс Тэмүжин зөбшөөрөжү
Бүдэрэгсэн хөлийн бурууг бүхүй тэргүүнээс абаху ни буруу,
Бүхэний эзэний бурууг бүх арад олон амсахыг ойлгосон болой.
Чингис хаан бүх монгол овогтоныг нэгтгэж Их Монгол улсаа байгуулсан тухай бичигдээ;
Эсэгэй туургатан улус энх шударга боложу, барс жилийн намар (1205.11/1206.02)
Онон мөрөний эхэн дээр монгголын бүх ноёд чуулан хуралдажу
Есөн хөлт цагаан туг юугаан мандуулаад төр улусыг төбшитгөн
Их Монггол улус тунхаглаад, тулгур их төрийг төбхинүүлэжү,
Тэнгэрийн хөбэгүн Тэмүжин дор “Чинггис хаган” цолыг өргөжү
Тэнгри газарыг эедүүлэжү, Монггол улус юугаан мандуулабай.
Монгголын Чинггис хаган, Их улус юугаан байгуулахын тулд
Нохой жилээс барс жил хүртэл хорин найман жил дайн хийжү, (1178-2006)
Найман, Хэрэйд, Мэргид, Татар дөрбэн хүчирхэг улусыг ялажу
Алтай Хинганы забсараа Монггол улусын төрийг байгуулабай.
Барс жил, Чинггис хаган Их Монггол улусын сууринаа суужу, (1205.11/1206.02)
Барс жилээс гахай жилийн забсар хорин нэгэн жил төр барибай. [1205/1206-1227]
XIII зууны үед Чингис хааны байлдан дагууллын талаар ерөнхийлөн дүгнэж бичихдээ;
Тэндээс Чинггис хаган, буцах замдаан Эрчис мөрөн дээр зусажу,
Долоодугаар он тахиа жилийн намар Алтай уулыг дабан ирэжү,
Туул голын Хара шугуй дээр Их орду юугаан засажу буусан абай.
Зөрчид Алтан улус, Хара Хитан, Тангуд, Сартаул, Багдад, Орос,
Зүг зүгийн эдгээр олон улусыг Чинггис хаган байлдан дагуулажу
Монгголын эзэнт гүрэн Их Монггол улусыг бүрэлдэн тогтообай.
Хорин долдугаар бүлэг “Чинггис хаган зөрчид, нангиад, тангудыг эзэлж абасан ану” бүлэгт, Чингис хааны их цэрэг Үнэгэн даваан дээр хийсэн тулалдааны тухай өгүүлэхдээ:
Үнэгэн дабааны томоохон тулалдаан дээр Чинггис хаган ялажу,
Үй түмэн, гурбан буман дайсаныг хүүр болгон хөндий дүүргэжү
Өрлүг дайчин монггол цэрэгийн суу алдар өмнө зүг цуурайтажу,
Өшилийг өшижү, хясалыг хясажу, өбөгөдийг өши-ийг абасан тул
Үнэгэн дабааны их тулалдаан ни үлигэр домог болон дуурсажу,
Үеийн үе дор өдгөө хүртэл монгголчууд дотор яригдажу байнам.
Чингис хаан Сартуул улсаас ял асуун дайлаар мордож, Самарканд хотыг эзэлсэн тухай бичихдээ;
Чинггис хаган зарлиг болоод, их цэрэгээ тулалдаан дор бэлдэжү,
Чингээд гурба дахи өдөрийн өглөө эрт монггол цэрэгүүд мордожу
Самарканд хотыг бүх талаас ни бүсэлэн абажу байлдаар ирэхүйеэ
Сайн моридын ган дөрбэн туурайн дор газар дэлэхэй донсоложу,
Саадаг нумын хөбчин дор сартаул цэрэгийн цөс зүрх хэмхэрэжү,
Самаркандийн бат хэрэм цайз ни доргин чичирэн нурах шахабай.
Али-эр ноён, Сулюн ноён, Бала ноён нар хотоосоо гаран ирэжү
Алалдах тулалдаан дор ороод монгголчуудын эсэрэг тулалдажу,
Асгарах цус юугаан юүлэлдэн, алдах ами юугаан үл хайрлажу
Аймшигт тулалдааны талбар дээр хоёр талаас олон хүн алагдаад
Агт морид хийгээд цэрэг эрсийн хүүр газараар нэлүй хөглөрөжү
Аглаг шөнө болоход хоёр тийши салажу байр байрандаа оробай.
Тулалдааны хоёр дахи өдөр Чинггис хаган өөрөө морилон ирэжү
Тус хотыг бүх цэрэгээрээ тойруулан бүсэлүүлэжү добтолохуй дор
Тоо томоши үгүй их цэрэгийн тоосон дор Самарканд булагдажу
Торгон илдэний цохилт, нум сумын мэргэн харбалтаар ноёрхожу
Тулааны талбар дээр монгголчууд, сартаул цэрэгийг сүйрүүлэн
Туг сүлдийг ни хугачижу, түрүгүүд ба тажикуудыг бутниргэбэй.
Энэ тулалдаан дээр монгголчууд, тулааны урлагийг үзүүлэжү
Эсэрэг этгээдийн зүрхийг зүсэн, уушги-ийг уражу байлдахуй дор
Энэ өдөрийн тулалдааныг үзээд хотынхон цочин сандаралдажу
Эр биеэ абарахаар дайсанууд санаа зөрөлдөн санал зөрчилдөжү,
Эргэлзэх тээнэгэлзэх байдал хот даяар бий болон бужигналдажу
Эрхэм өрлүг ноёд ба эрдэмт шажины тэргүүн нар маргалдабай.
Маргааши өдөрийн мандахын улаан наранаар хэнгэрэг дэлдэжү
Монгголын зоригтон дайчид хийгээд тээнэгэлзэсэн сартаул нар
Моридоо унун, илд жад хийгээд нум сумаа барилан тулалдажу,
Монгголчуудын ширүүн добтолгоон дор сартаулууд хөсөр унаад
Моридын туурайн дор гишгигдэн гутамшигт ялагдалаа хүлээжү
Монгголын сүлдэн дор тэд тэргүүн юүгээн бөхийлгөсөн бүлгээ.
Сүбэдэй баатарын аян дайнууд хийгээд түүний сүр хүчнийг алдаршуулж бичихдээ;
Сүбэдэй багатур идэр залуу насандаа олонтаа дайн тулаан хийжү
Сүр хүчүн юүгээн алдаршуулан, харитан дайсантай хатгалдахдаа
Сүрлэг их дайн байлдааны талбар дээр өрөөсөн нүдээ харбуулажу
Сүрхий ихээр гэмтэбчү өрөөсөн нүдтэй болоод ядасан үгүй ябажу
Сүрэг олон цэрэгийн өмнө мордон, сүмбэр өндөр уулсыг дабажу
Сүн их далайн эрги хүртэл дэлэхэй дахиныг байлдан дагуулабай.
Хубилай хааны үед Баян ноён тэргүүтэй монголын их цэрэг хятадын Сүн улсыг байлдан дагуулж байгаа үйл явдалыг уран чадамгай тодотгон харуулж монгол ноёны сүр хүчин хийгээд монгол цэрэгийн сахилга, зохион байгуулалтын талаар яруу сайхан өгүүлсэн байна.
Монгголын суут өрлүг багатур Баян ноён, их цэрэгийг удирдажу
Моридын хондолой дээгүүр ус сагуулан Хөхэ мөрөнийг гаталаад
Монггол цэрэг нангиадын өмнөд Сүн улусыг байлдаар ябахуйяа,
Баян өрлүг, хилэн хар морины нуруун дээр дөрбэн оныг туулажу
Байлдааны талбар дээр өдөр шөнө үгүй дөрөө тогшин мордожу
Байлдаар ябахдаан түүний хүрэн зандан ташуурын дохилго дор
Зуун түмэн моритон цэрэг нэгэн зэрэг ухасхийн дабшижу ороод
Зуурдын дайсан нангиадын наян түмэн цэрэгийг хиартал хядажу
Зулбан зугатаах дайсаныг зугуулан хөөжү зомгол болтол талаад,
Зулай дээрээс төөнөх халууныг үл ажиран чинагши добтоложу
Зуун түмэн моридын төбөргөөн дор нангиад ороныг донсолгожу
Зун намарын забсараа монггол дайчидын уухай соносогдомуй.
Тус зохиол дээр нүүдэлчидийн овог аймгуудын гарал үүслийн тухай олон сонирхолтой домгууд орсон байна. Модун шаньюйгийн домог, Таншихуайн домог, Эргүнэ Хунгийн домог, Тобагийн домог, Нируны домог, Уйгурын домог, Баргудын домог, Ойрадын домог гээд угсаатан зүйн холбогдолтой олон домгуудыг “Монголын их тобчиан” дотор багтаасан байна.
Хиад, нохос, урианхад, хонгирад, олхонуд, хуралас, элжигэн,
Хилингут, кункулаут, ортаут, хонхотан, арулат, кунжин, ушин,
Хингит, сүлдүс, илдүрхин, баяуд, ихирэс зэрэг обогууд үүсэбэй.
Эргүнэ Хун дээр очисон Хийан, Нохос хоёроос эх абасан аймаг
Эндээ төрөжү олширосоор тэдэний обог олон боложу өнөржин
Эргүнэ Хун дотор гаднаас халдах дайсан үгүй энх амур суубай.
Тэнгри тэтгэсэн учир тэнд дөрбэн зуугаад жил болосоны хойно
Тэд олон салбар болоод, тоогоороо бусад угсаатанаас дабабай.
Тэр монггол угсаатанууд тэрхүү уулс, ойн дунд өнөржин өсөөд,
Тэрхүү газарын зай ни дабчидан хүрэлцэх үгүй болосон учир
Тэдгээр олон обогийн хүмүүс нэгэн газараа цугларажу суугаад
Тэргүүн ноёд бүгдээрээ эелдэн хэлэлцэжү эетэй үгийг хэлэбэй.
Түрэг угсаатны домогийн талаар нэлээд дэлгэрэнгүй хүүрнэн өгүүлсэн нь;
Домог ёсоор Түрүг болбаас Хүннүгийн жичи өөр аймаг бүлгээ.
Түрүгийн дээдэс ни Сихай Баруун тэнгисийн баруунаа суумуй.
Хүннүчүүдээс ондоо төрөл бөгөөд Ашина обогтой улус бүлгээ.
Түрүгүүд эрт цаг дор орду улус бүрдүүлэжү хэсэг суусан абачу
Түрүгүүд хөрши улусдаа сөнөөгдөжү, голомт ни үнс болоход
Түүний дотороос арбан настай хөбэгүнээс бусад ни алагдабай.
Цэрэгүүд түүний балчирыг хараад түүнийг алахыг эс төбдөжү,
Цэрэгүүд дор түүнийг алах зориг хүрэсэн үгүй амид үлдээбэй.
Цэрэгүүд тэр хөбэгүний хөлийн тойгийг ни цүүцдэжү огтолоод
Намагийн эбүсэн дотор хаяжу орхиод цэрэгүүд ябасан ажугуу.
Тэнд, хөбэгүнийг махаар тэжээсэн нэгэн өлөгчин чоно байхад,
Тэр хөбэгүн өсөөд өлөгчин чонотой учиралдажу хээлтүүлэбэй......
Монголын зургаан түмний магтаалтай төстэй овог аймгуудын магтаал бүхий мөрүүд хэдэн арваараа зурайж байна. Түүний дотор Монгол төрийг үүрд хамгаалж, залгамжилан суугаа халх монголчуудын магтаалыг сонирхуулбал;
Ээ-Хайрхан тэнгри, Эцэгэ Милийан тэнгри-ийн эрх хүчүн дор
Эцэг эбүгэдийнхээ голомтыг абажу суусан Халха Монггол мину,
Мөнгхэ тэнгэри-ийн хүчүн дор, Монггол улусын суу зали дор
Монггол улусын төрийг хамгаалажу суусан Халха түмэн мину,
Хан Хисаан тэнгри, Атаа улаан тэнгри-ийн их арга хүчүн дор
Хаган эзэний хан суудалыг хадгалажу суусан Халха улус мину,
Атаатан дайсан абалая гэлээ, арадынхаа хүчүнээр цэрэг боложу
Алтай Хангай хоёроо абаражу суусан Ар Халха Монггол мину,
Өшитөн дайсан өшилөжү, өргөн талыг эзэлэн сууя гэжү ирэхэд
Өбөг дээдэсийнхээ нутагийг өмгөөлөжү суусан өнөр Халха ману,
Хан эзэнийхээн муу дор хамаг улус юугаан алдахын тэр цаг дор
Хамаг арадынхаан хүчүнээр хан төр юүгээн абасан Халха ману,
Ерэн есөн тэнгри-ийн их ерөөлөөр бүтэгсэн Монггол улус ману,
Ертөнц дахинаа суу алдараа абажу гарасан Халха Монггол мину,
Хөгшин өбөгийн хөхэ бууцанаа хөрбөөсөн Хөхэ Монггол мину,
Хөхэ Мөнгхэ тэнгэри-ийн ороныг сахисан Халха Монггол мину,
Өтүгэн Тэнгэри уул юугаан өблөн суусан өнөр Халха улус ману,
Бурхан Халдун уул юугаан бурхалажу суусан Халха түмэн мину,
Хэдэр дайсан хэрэжү ирэхэд Хэнтэй хан юугаан хэлхэжү суужу
Хэрцэгэй дайсаныг хэрчижү хөөсөн хээр талын Халха улус мину,
Хэнгэргэтү бөөгийн хэлэсэн үгээр хэб суртал юуган сахин суужу
Хэцүү бэрх цагийг ч туулажу гарасан Халха Монггол улус ману,
Хэрүлэн, Онон, Туула, Орхон, Сэлэнгэ их мөрөнөө сахин суужу
Хэдэр дайсанаас хэдэн монгголоо өмгөөлөжү суудаг Халха ману.
“Монголын их тобчиан” баатарлагийн туулийн оргил хэсэг болох сүүлчийн бүлэг “Монгол мину” дээр монголчуудын газар нутаг, уул хангай, ус мөрөн, нуур цөөрөм, говь хангай, тал хээр зэрэг байгалийн талаар уран чадамгай дүрсэлж, овог аймгуудын байршил, домог зэргийг өгүүлж, монгол туургатны дотроос төрж гарсан алдар нэртэй хүмүүсийн талаар дурдаж, бүх монголчуудын өнө эртний хүсэл мөрөөдөл, эв нэгдэл, эргэн нэгдэл үзэл санаа зэргийг яруу сайхнаар дүрсэлэн гаргасан байна. Нүүдэлчин ард түмний сүр хүчний талаар магтан дуулахдаа;
Мөнгхэ тэнгэри-ийн хүчүн дор нүүдэлчин улус хүчирхэгжижү
Мөнгөн цаст уулсын оройг өшигчин, мөрөн голын усыг гаталжу
Мөчирт шугуйг туучин мөргөциг өндөр уулсыг мөрлөн дабажу
Мөхөс бага улусуудыг ибээн, мөчүүрхэгчи улусуудыг дайлажу
Мөлигөн талыг мөхөриүлэн, мөчөөрхөгчи дайсаныг мөргүүлэн
Мөхөлиг улус юугаан мөнхэрүүлэжү, их улусыг үүтгэжү билээ.
Нүүдэлчин ард түмнүүдийн өнө эртнээс идээшин нутаглаж, нүүж сууж өдий хүрсэн өлгий нутаг Алтай, Хангай хоёроо магтаж яруу найргийн гайхамшигт мөрүүдийг урлан бүтээжээ.
Өглөөгүүр униартажу байдаг, өдөр дундаа суунаглажу байдаг
Өнтэй хүдэр баяхан буурал Алтай Хангай хоёр их уулас мину,
Дэлэхэй өргөн нурууд дүнхийлдэн дээд тэнгэритээ сүндэрлэжү
Дээбэр болосон хамарууд ни шунхийлдэн дээр цойлон байдаг
Баяхан буурал Алтай Хангай хоёр эртэний сүлд шүтээн мину,
Багатур өбөг дээдэсийн мину ясаа ибэсэн Алтай Хангай мину,
Булаг хар усун булхалдан бургилажу урсалдажу байдаг билээ,
Бургасу улиас модод бухилзан найгажу ургажу л байдаг билээ,
Болжимор, бүргэд, шонхор ни дүүлэн нисэжү жаргадаг билээ,
Булга, суусар хоёр солбицон булагийн усунаа ундалан байдаг,
Арын урт шар нурууд ни арсалдан уралдажу сүндэрлэн байдаг,
Аргали угалза хоёр ни солбицожу ябадаг Алтай Хангай мину,
Анчин мэргэн хөбэгүд ни алтан саадаг нумаа мөрлөн мордоод
Араатан жигүүртэнийг абалан амтат сайхан мах абадаг билээ,
Анчин малчин багатурууд ардаг хүрэн моридоо унун мордоод
Алтай, Хангайн забсараа адуун сүрэгээ адгуулан ябадаг билээ,
Алиа хонгор амараг бүсгүй ачит малынхаа сүүний дээжи-ийг
Алтай, Хангай ууландаа өргөжү эзэн онгодыг баясгадаг билээ.
Монгол, түрүгийн домог ёсоор газар дэлхий анх үүсэхэд хамгийн анхны газар болох Өтүгэн Тэнгри буюу Отгонтэнгэр уулын тухай өгүүлэхдээ;
Хөхэрэгчи огторгуйн уудамыг эзэнгнэгчи Ээ-Хайрхан тэнгэри
Хөбчин дэлэхэй дээр анханы газар эх Этүгэнийг бий болгоход
Хөхэ усун далайгаас этүгэн газар эх Өтүгэн тэнгри цухуйбай.
Хөбчин дэлэхэй дээрхи анханы газар Өтүгэн тэнгри уула билээ,
Хөхэдэй мэргэн хөрүсүтү дээр хөл табисан Өтүгэн уула билээ,
Хөрүсүтү шороот газар өргөжигсөн Өтүгэн тэнгри уула билээ.
Хүй нэгдэлийн цагаас хүнчүүд Өтүгэн-тэнгри-ийг анх шүтэжү
Хүрээ хормой дээр ни тахилга үйлдэн мөргөжү шүтэсэн билээ,
Хүн гүрэний хаган шанюй нар Өтүгэн-тэнгри уулыг биширэжү
Хүнчүүдийн онгод учираа төрийн тахилгатай болгосон билээ,
Хүннү, сйанби, нирун нар Өтүгэн-тэнгри уула юугаан тахижу
Хүчирхэг их хаганууд уула дээр хүндэт тахилга өргөсөн билээ,
Хөхэ түрүг, уйгур, хиргис түмэн Өтүгэн-нэмүргэ дээр суугаад
Хөбчин хангай нутагаар хүлэг моридоо хөлөргөн дабхилдажу
Хүчирхэгжин мандахдаа Өтүгэн-тэнгэри ууланаа суудаг билээ,
Хөхэ монггол түмэн Өтүгэн-тэнгри уулын ойр хот байгуулажу
Хөбчин дэлэхэйн бүх арад түмэнүүдийг байлдан дагуулахдаа
Хөлөг багатурууд ни Өтүгэн-тэнгри ууландаан шүтэдэг билээ,
Өтүгэн тэнгри уула, Өтүгэн нэмүргэ, Этүгэн тэнгри уула ману
Отхан тэнгри уула, Отгон тэнгри уула, Цасту цагаан уула ману,
Өтүгэн Тэнгри хайрхан уулын мину дуудах нэр болосон билээ,
Өнө эртэний үеэс монггол, түрүг угсаатаны шүтээн их хайрхан
Өтүгэн Тэнгри хайрхан уула ману та өмөг түшиг мину боложу
Өргөн дэлэхэй Этүгэн эхэ-ийн эхэлэл анханы эх газар ни билээ.
Тал нутаг, малчин нүүдэлчин ардын ахуй байдал ба байгаль хоёрын шүтэлцээ, түүний дүр зургийн талаар гайхамшигтайгаар дүрслэн өгүүлсэн нь;
Мэнэнгийн талын уудам бэлчирээр түм буман зээр дабхилдаад,
Дорнодын уудам талын зэрэглээн дунд тэнгэри газар нийлэжү,
Монгголын малчины эсэхэй гэр хээр талын тэртээ сүүмэлзэжү
Моритон арадын дуу тэнгэрийн хаяанаас цуурайтан дуурсахад
Моридын төбөргөөн их талын тэртээгээс соносдох шиг болоод
Моритон багатурын уухай Тэмээн хоолойноос нүргэлэх бүлгээ.
Хөбэгүд залуус хүлэг моридоо унун их мөрөнөө саатан буужу
Хэрүлэн мөрөний усунаа аргамаг моридоон умдаалан зогсоход
Хээрийн салхин сэбэлзээд, морид тамшаалан заадажу баясгаад
Хөбэгүний хүүшилэн исгэрэх дуунаар моридын чих сортолзон
Хөбөө хязгаар үгүй уудам талын дунд чимээ анир үгүй болоод
Хөбчин дэлэхэйн дайд хээрийн талдаа гайхамшиг цолцоломуй.
Монголчуудын амьдрал тал нутагтайгаа салшгүй холбоотой явсаар мянга мянганыг ардаа үдэж эдүгээ хүрсэн бөгөөд тал нутгийнхаа талаар уянгалуулан хайлахдаа;
Тамсагийн тал нутаг дээр зээр гөрөөс таабаараа бэлчин ябажу
Тал хээрийн салхиар умдаалан сайн соргог ногоогоор идээлэжү
Тарган ооно, шаргачин, янзага сүрэгээр идээшилэн нутаглаад,
Тас, бүргэд, талын чоно араатан жигүүртэн хөлхөлдөн оршижу
Тарбага, зурам хошигорон, царцаа голио царгин дэбхэрэлдэжү
Таана аги, табун зүйлийн нарийн ногоо ургасан хээр тал мину.
Галшарын тал нутагаар шандаст хурдан хүлэгүүд дабхилдажу
Газар газарын моридын түрүү манглай энэ нутагаас салбарлаад
Хара-дэлэ өрлүг Эбүгэн ноёны түмэн адуун сүрэг бэлчирлэжү
Зандан хүрэн, номин цэнхэр, гуулин хээр, элбэг хээр, идэр хээр,
Бөгөн хул, буган халиун, босоо улаан, босоо хээр, хулан хонгор,
Бөгөтөр хул шандаст хурдан хүлэгүүд дабхисан хээр тал мину.
Улаан тал нутагаар зэгэс, харгана ургамал халиуражу найгаад,
Тосонгийн тал нутагаар тоо томоши үгүй олон зээр сүрэглэжү,
Дагуурын тал хээрээр түм буман зээр гөрөөс сүрэглэн бэлчиэд
Хуластайн тал, Бургастайн тал хээрээр зээрийн сүрэг дабхиад
Сулин хээрийн талдаа сул хээр мори сулдаа дабхин түрүүлээд,
Дари-ганга талын Ганга нууранаа араатан жигүүртэн хурамуй.
Хонгоржи, Агиту, Дааган талын уудамаа ан гөрөө бэлчирлэжү,
Тоглох, Өргөөт, Хөөбөр, Өгийн өргөн талаар мал сүрэг бэлчин
Тахи-ийн тал, Хомын тал даяар тахи адууны сүрэг бэлчирлээд,
Арбагар хээрийн тал дээгүүр аргамаг хүлэг морид дабхилдаад,
Дэлгэрийн тал дээгүүр Засагту ханы хөхэ эрс моритой дабхиад
Дээлтэй төрөсөн сайн эр Цахиур Төмөр добтолгон өнгөрөмүй.
Гуулингийн тал дээгүүр Хөхэ-тэмүр өрлүгийн их цэрэг одожу
Алтайн уулын ар, өбөр дээгүүр атаатаныг дарасан мөр үлдээд,
Гучингийн тал дээгүүр догшин хөлөг багатурууд добтолгожу
Долоодой, Хонгорын талаар өшитөн дайсаныг өрлөжү дараад,
Орхон мөрөний уудам талдаа орду нийслэл хотыг байгуулажу
Олон монгголын гүрэн улусууд оршисон уудам хээр тал мину.
Тамир, Цэнхэрийн голын уудам хээр тал хөндий нутаг дээгүүр
Табун хошуу мал сүрэг багширажу малчин арадын баяр болоод,
Шарга, Зээрэнгийн тал дээгүүр шаргачин, ооно зээр сүрэглэжү
Шар талын хөхөмдөг зэрэглээн дор хулан гөрөөс дабхилдажу,
Барха, Хураха, Ононгийн бэлчир уудам талаар чоно сүрэглээд
Баян тал дээгүүр бөхөнгийн сүрэг бэлчисэн уудам их тал мину.
Халха-ийн сайн эрс хатирчи мориныхоо хур дэл дээр бөхийжү
Хангай, гоби-ийн дунд Халха-ийн уудам тал дээгүүр добтолгожу
Ханагар уудам талынхаа хаган эзэн болоод эрх дураар дабхижу
Харитан дайсаны эсэрэг халширажу буцасан үгүй тэмцэлдэжү
Халуун цус, хайран биеэрээ хамгаалан хар шороон дээр босоод
Халха-ийн сайн эрс хазаар гүйлгэсэн өргөн тал хээр нутаг мину,
Монголын их хээр тал дээгүүр тэргэл саран абухай хээр хоножу
Морины тобор тобор алхаа талын малчины хотоноо соносогдон
Моридын хөлс ханхалажу, залуусын шибэнээ дуулдах тал мину,
Урин хабартаа усуны шубууд уугуул тал нутагаа тэмцэн ирэжү,
Уудам тэнгэри-ийг дүүргэн нисээд усун мөрөнөө зэллэн буужу,
Уудам талдаа уянга нэмэсэн уудам дорнодын их хээр тал мину.
Өбөлийн тэсгим хүйтэнээр хөхэ чонос хөндийгөөр хөлхөлдөжү
Өрөб тас, хүрэн бүргэд өндөрөөс халиад зээр үрүү добтолоход,
Өнчин янзага гагцаар үлдэн, өр зүрх хайлуулах өргөн тал мину,
Өндөр тэнгэри, өргөн дэлэхэйн заагаас алтан наран урган гарчу
Өдөрийн халуун шатахад царцаахай царгилан наран төөнөжү,
Оройн наранаар омголон бурхи хошигорох онгон хээр тал мину,
Тоо томоши үгүй олон зээрийн сүрэгүүд үеэлзэн дабалгаалажу
Торойх юм үгүй талын зэрэглээнээ тэнгэри газар уусан нийлээд
Тооноор наран тусахын үеэр адуучин хөбэгүн гэртээ морилоод,
Монгголын нүд алдам хээр талаар араатан жигүүртэн хөлхөөд,
Монггол бөө удаганы бүрхирэх дуунаар талын шөнө нойрсожу,
Тогоруун цубаа толгодын дабан нисэлдэх уудам хээр тал мину.
Монголын тал нутгийг нүдэнд харагдтал туульс хайлж ахуй байдалтай нь, араатан жигүүртэнтэй нь, амьдрал ахуйтай нь цөмийг магтан дуулсан байна. Баатарлагийн тууль хайлахын өмнө Алтайгаа магтдаг бол энэхүү бүтээл дотор Алтай, Хангай, говь, тал хээр нутагаа цөмийг магтан дуулдаг байна. Бөө мөргөлийн шажны тэнгэрүүд бүх монголчуудыг ивээн тэтгэж, харж хамгаалж суудаг болохыг дүрслэн өгүүлэхдээ;
Хөбчин дэлэхэйн хамагийг бүтээсэн Ээ-Хайрхан тэнгэри мину,
Хөрүстү шороо газарыг туурбигчи Эцэгэ Милийан тэнгри мину,
Хөбчин дэлэхэйн туурбигчи Хөхэдэй мэргэн тэнгри эцэг мину,
Хүн төрөлтөнийг эрхэшээсэн эрхэтү Мөнгхэ тэнгри эцэг мину,
Барууны табин табун тэнгэри-ийн ах Заян Цагаан тэнгри мину,
Зүүний дөчин дөрбэн тэнгэри-ийн ах Атага Улаан тэнгри мину,
Алтай, Хинганы забсар олон монггол түмэнийг ибээлдээ абажу
Аугаа суут мэргэдийг абарал ибэгэлээр тэтгэн дээши дэгжээжү
Алдар суут хөбэгүдийг аймшиг үгүй хатан зоригоор амилуулан,
Аали сайт охидыг ариун өнжигөн сэдхилээр ариусгажу өсгөөд,
Атаатан дайсаны аюулаас ангижируулан анхан нутагаа сахижу
Арбан сая монгголчуудын хуби ерөөлийг атгажу суудаг бүлгээ.
Тус зохиолын нэгдүгээр бүлэг “Монгол домог” дээр ерэн есөн тэнгэр, мөн бусад тэнгэрүүд, сүлд шүтээн зэргийг дэс дараатай оруулахын сацуу монгол туургатны газар нутаг, уул усны онго шүтээнүүдийг тодорхой дурдаж өгсөн бол сүүлчийн буюу жаран долдугаар бүлэг “Монгол мину” дээр энэхүү онго шүтээнүүд их хэнгэргийн дуунаар сэрж газар нутаг, ард түмнээ эргэн харж газар нутаг, ард түмнээ нэгтгэж байгаагаар Монгол улс сэргэн мандаж монгол туургатны эв нэгдэл тогтож байгаагаар зохиолоо төгсгөсөн нь туульсийн зохиол ёсоор ард түмний хүсэл зорилго биелж байгааг бүрэн тусгаж харуулсан байна.
Тэнгэри-ийн хөбэгүд газараа буугаад хүлэг моридоо эмээллэжү
Тэнгэри-ийн ноход чонос уудам тал хээрээр дабхилдан ирэхэд
Алтай Хинганы забсараа түм түмэн моридын төбөргөөн гараад
Аугаа Их хаганы суу зали, алдарын дор монгголчууд нэгдэжү
Ахан дүүс эгэн учиралдажу тэнгри-ийн нэгэн дээбэр дор ороод
Алтай Хинганы забсараа Монгголын Энхэ тайбан тоготнобай.
Найман зүгийн ороноо эзэнгнэгчи монгголчуудыг эрхэшээсэн
Нармай Монггол улус ману наран саран лугаа адил мандахад,
Ихэ эзэн Чинггис хаганы монггол туургатануудыг эрхэшээсэн
Ихэ Монггол улус ману эрхэтү Мөнгхэ тэнгэри мэт мандахад
Их талын эзэн монгголчууд эб юүгээн нэгэтгэн их улус боложу
Их хас төр юүгээн төбшитгөжү, их улус юугаан энхэжүүлэбэй.
Монголчуудын газар нутагийн онго шүтээнүүдийг эхний бүлэгтээ тоочин оруулж, сүүлчийн бүлэгтээ монгол туургатны нутаг дээрхи уул усны онго тэнгэрүүд сэрж газар нутаг, ард түмнээ ивээж Монгол улсаа мандуулан, эсгий туургатан монгол овог аймгууд нэгдэж олон зуун жилийн чин хүсэл мөрөөдөлдөө хүрч байгаагаар дүрслэн гаргасан нь тус зохиолын эхлэл төгсгөл хоёрыг зангидаж өгсөн байна. “Монголын их тобчиан” дээрээс энэ мэт гайхамшигтай уран яруу, сүр жавхлантай, цог зальтай мянга мянган мөрийг уншиж болно.
Монголын их тобчиан гэдэг зохиолд, Чингис хааны байлдан дагуулал төдийгүй түүний үр ач нарын байлдан дагууллын талаар бүрэн хамарч бичигдсэнээрээ тэнгэрлиг чанар нь харагдаж байна. Илиадын дуулал бол эрт галавын үеийн Грекийн дайны тухай өгүүлдэгээрээ тэнгэрлиг чанартай байдаг юм. “Монголын нууц товчоо” ч мөн адил монголчуудын байлдан дагуулалт, ширүүн тэмцэл байлдаан, овог аймгийн үүсэл гарлын тухай өгүүлж байгаагаараа “тэнгэрлиг” чанарыг өөртөө агуулж байдаг бол “Монголын их тобчиан” зохиол нь монголчуудын байлдан дагууллын талаар бүрэн хэмжээгээр багтааж, яруу найргийн хэлбэрээр үйл явдалыг уран сайхнаар, хурцаар тоочин өгүүлж байгаагаараа “тэнгэрлиг” чанарыг өөртөө бүрэн агуулж байна.
Монголын Их тобчиан нь монголчуудын хэдэн зуун домог, монголын бүх үеийн түүх, байлдан дагуулалт, өөр зуурын байлдаан зэргийг туульсийн хэлбэрээр бичиж туурвисанаараа гайхамшигт бүтээл болсон байна. Дэлхийн аль ч улс орон өөрийн бүрэн түүхийг ийнхүү туульсийн хэлбэрээр бичиж байгаагүй бөгөөд Монголын олон үеийн түүхч, яруу найрагчидаас хэн нь ч яруу найрагч Дөш шиг монголын бүх үеийн түүхийг ийнхүү шүлэглэн туульсийн хэлбэрээр бичиж байгаагүй юм. Монголын уран зохиолын түүхэн дээр шинэ хуудас нэмэгдэж “Монголын их тобчиан” зохиол нь 21-р зууны Монголын уран зохиолын сор бүтээл болж шинэ мянганы өнгийг тодорхойлж байна.
“Монголын нууц тобчиан”, “Жангар”, “Гэсэр” зэрэг монголын хуучин уран зохиолын гурван оргил дээр монголчуудын аж амьдрал, хүсэл мөрөөдөл, зорилго тэмцэл, дайн байлдаан, ахуй байдал, дүр төрх цөм бүрэн илрэн гарчээ. Баруун Монголын нутаг дээр зохиогдсон “Жангар” тууль дээр баатарлаг үйл хэрэг, ардын жаргалант аж амьдралыг хүсэх санаа тодорхой гарсан байна. “Гэсэр” тууль дээр баатарлаг үйл хэрэг, дайснаа дарсан аян дайн, энх тунх амьдралын талаар нэн тодорхой тусган харуулсан байна. “Монголын нууц тобчиан” дээр нүүдэлчдийн ахуй байдал, домог түүх, овог аймгуудын үүсэл хөдөлгөөн, улс аймгуудын тэмцэл байлдаан, аян дайн, төрийн байгууламж, баатарлаг үйл хэрэг, нэгдсэн Монгол улс байгуулах хүсэл зорилго бүрэн гарсан байна.
“Монголын их тобчиан” бол нэг талаас түүхийн он дарааллын бичиг, түүхийн бүтээл болох бөгөөд нөгөө талаас түүхийн тууль, яруу найраг дуулал бүхий сонгодог зохиол байна. “Монголын их тобчиан” тууль дээр нүүдэлчдийн домогууд, гүн ухааны үзэл, бөө мөргөл, тэнгэр шүтлэг, сүлд шүтээн, онго шүтээн, нүүдлийн соёл иргэншил, эртний бүх улсууд, хаад, монголчуудын байлдан дагуулал (дайн байлдааны талаар нарийн тоочиж бичигдсэн), дэлхий дахиныг энх тайван болгох тухай Чингис хааны үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэх гэсэн Их хааны үр ач нарын аян дайн, монголчуудын өөр хоорондын дайн байлдаан, монгол аймгуудын нүүдэл хөдөлгөөн, бусад улсын түрэмгийлэл, сэргэн мандалт, монгол төрийн түүх, газар нутаг, хүн ардын тухай дэлгэрэнгүй өгүүлээд эцэст нь харийн дарлалд буй монгол туургатны улсууд хэрхэн зовж байгаа талаар ч дурдаад монгол туургатан дахин Монгол улсаа мандуулж нэгэн дээвэр нэгдэх тухай хүсэл мөрөөдлийг биелж байгаагаар төгсөж байна. “Монголын нууц тобчиан”, “Гэсэр”, “Жангар” зэрэг туулийн сонгодог бүтээлүүд нь нэгэн үеийн дайн байлдааныг нарийн дүрслэн гаргаж, ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдөлдөө хүрч байгаагаар бичигдсэнээрээ “тэнгэрлиг” чанарыг өөртөө бүрэн агуулж байдаг бол “Монголын их тобчиан” нь монголчуудын байлдан дагууллын талаар бүрэн тоочин бичиж туулийн “тэнгэрлиг” чанарыг өөртөө бүрэн агуулж байна. Гэхдээ тус зохиолд түүхийн үйл явдалыг бүрэн харуулж байгаа бөгөөд үлгэрийн шинж байхгүй, харин уран зохиолын хэтрүүлэл, дайн байлдааны сүр жавхлант байдал, эрэлхэг зоригийн мөн чанар, байгалийн үзэсгэлэнт байдал зэргийг уран чадамгай дүрслэн гаргасан байна. Дэлхий дахины даяарчлалыг дагаад нүүдлийн соёл иргэншил доройтож, бусад соёл иргэншлийн нөлөөн дор автах хандлага нэмэгдэж байгаа тухай, өндөр хөгжилтэй улс орнууд эдийн засгийн түрэмгийллээр нүүдэлчдийн соёл иргэншлийг сүйтгэж, газар нутгийг нь эдийн засгийн аргаар түрэмгийлэн байгалийн баялгийг цөлмөн авч байгаа, бэлчээр нутгийг сүйтгэж байгаа зэрэг асуудлыг ч тус зохиолын төгсгөл хэсэг дээр тодорхой гаргаж, монгол хүний нүдээр газар нутгаа хайрлах, байгалиа хамгаалах чин хүсэл бүхнээ дурдан өгүүлсэн байх юм. Тус зохиолын нэр томьёог нь монгол бичгийн галигаар бичигдсэн нь одоогийн бидэнд жаахан төвөгтэй мэт боловч уг нь тэгж бичих нь зөв мэт байна. Монголчууд бид шинэ үсэг крилл бичгийг хэрэглээд өөрийн үгийн жинхэнэ нэр томьёоноос аль хэдийн холдож хөндийрсөн байхад дэлхийн бүх улс, монгол судлалын төвүүд нь монгол үгийг хуучин монгол бичгийн галигаар тэмдэглэж байдаг юм байна. Бид үүнийг ч анхаарч үзэх хэрэгтэй болж байна. Монголчуудын бахархал болсон энэхүү бүтээл “Монголын их тобчиан” хэмээх түүхт туулийн зохиолыг дэлхий дахинаа өрсөлдөх чадвартайг харгалзан үзэж, дэлхийн түвшинд өрсөлдүүлэх хэрэгтэй байна.
Монголын нэрт эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв “Оройгүй сүм” хэмээх бүтээлээрээ Нобелийн утга зохиолын салбарт өрсөлдөх сураг гараад тасарсан, яасаныг мэдэхгүй юм. Лодонгийн Түдэв бол дэлхийн хэмжээний зохиолч бөгөөд тухайн үед түүнийг сайн дэмжээгүй бололтой байдаг. “Оройгүй сүм” бол маш сайн бичигдсэн зохиол бөгөөд тус зохиол нь буддын шашин, түвд ба дорно дахины анагаах ухаан, гүн ухаан, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, нүүдлийн иргэншил, монголын болон бусад улсын түүхийн баримтууд орсон маш сонирхолтой бүтээл юм.
Монголын нэрт яруу найрагч Ренчиний Чойном 1961 онд “Залуу нас”, 1964 онд “Хүн” зэрэг шүлэглэсэн романаа бичиж, нэрт яруу найрагч Цэвэгмидийн Гайтав 1955 онд “Хорлоогийн Чойбалсан”, 1957 онд “Дамдины Сүхбаатар” зэрэг алдарт найраглалуудаа бичиж байсан юм. Орчин үеийн утга зохиолоос энэ хоёр найрагчийн бүтээл нь томоохон яруу найргийн оргил болж байлаа. Одоо үед монголын яруу найргийн чанар ямар түвшинд байгаа, ямар уналтанд орсон байгаа, яруу найргийн “Болор цом” тэмцээнд ямар шүлгүүд түрүүлж ард түмнээ гонсойлгож байгааг бид бэлхэнээ мэднэ. Сайн яруу найрагч залуучуудын бүтээлийг дарж, тухайн үеийн байдлаас хэн нэгнийг дэмжиж муу шүлгийг хүчээр түрүүлэн яруу найргийг улам уналтанд хүргэж байгаа билээ. Монголын яруу найрагт одоогоор шинэ урсгалууд нэмэгдэн орж байгаа бөгөөд ахуй байдал, хайр сэтгэл, эх оронч үзэл зэрэг байдал давамгайлж байгаа юм. Монголын яруу найрагчид бие биенээ үгүйсгэж, надаас өөр сайн найрагч байхгүй гэдэг ч юмуу, эсвэл өнгөрсөн үеэ дайран үгүйсгэж, бид л яруу найргийг бүтээж байна гэх юм уу, тэр тэр найрагчид л жинхэнэ найрагч бусад нь биш гэх зэргээр шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л сонин сэтгүүл дээр бичдэг, уг нь ингэхгүй байвал сайхан байна. Бүх цаг үеийн яруу найрагчид, шүлэгчид, зохиолчид өөрсдийн цаг үедээ үүргээ биелүүлээд ирсэн шүү дээ. Дөрвөн мөрт шүлэг бичээд цээжээ дэлдэж би яруу найрагч хэмээн зарлаж, хорин мөртэй хэдэн шүлэг бичээд төрийн одон мөрөөдөгчид дүүрэн байдаг болж, гэтэл бидний үед хэдэн арван мянган мөр шүлэгтэй туульсийн аварга бүтээл гарсан байх юм.
“Монголын их тобчиан” зохиолчийн намтарыг сонирхбол, Бодонгууд Мягмарын Дөш хэмээх бөгөөд Хори буриадын Дөш гэж номоо гарчигласан нэгэн буриад хөвүүн байх юм. Дөш нь 1977 онд төрсөн, тус зохиолыг 2010 онд бичиж дуусгаад, 2011 онд хэвлүүлсэн гэхээр 33-хан насандаа түүхт туульсийн аварга том яруу найргийн бүтээл туурбисан байна. Эдүгээ 34-хэн настай монгол залуу билиг авьяас, хөдөлмөр, мэдлэгийн хүчээр “Монголын их тобчиан” гэдэг гайхамшигтай яруу найргийн бүтээл гаргаж Монгол төдийгүй дэлхийн түвшинд алдар нэрээ мөнхөлж байна шүү дээ. Гэтэл энэ гайхамшигт бүтээлийн талаар Монголын утга зохиолын салбарынхан чимээгүй л байна. Өвлийн хүйтэн, улс төрийн ороо бусгаа үе нөлөөлж гайхамшигт бүтээл туурвилыг анзаарах сөхөө бидний дотор үнэхээр бага байна. Улс төрийн хэнээрхэл, эрх мэдлийн өрсөлдөөн, эдийн засгийн доройтол, оюун санааны доройтол зэрэг олон хүчин зүйлээс болоод энэхүү гайхамшигт бүтээлийг анзаарахгүй өнгөрөөж байна. Манай монголчууд амьдад нь анзаарахгүй хэрнээ, үхсэн хойно нь гэнэт л магтаад эхэлдэг гэмтэй билээ. “Монголын их тобчиан” туулийн зохиол нь хэдэн арван мянган яруу сүр жавхлант мөрүүдтэйгээ бидэнтэй эн зэрэгцэн зурайж байхад бидний монголчууд анзаарахгүй байна гэдэг харамсалтай байна. Эсвэл бид одоо үүнийг анзаарахгүй өнгөрөөгөөд 100 жилийн дараа энэ номын талаар дурсан санах уу. Тус ном хэвлэгдээд бүтэн жил өнгөрөхөд мэргэжлийн цөөхөн эрдэмтэн хүмүүс л энэхүү номын талаар ярилцаж, сайн бүтээл болсон тухай хөөрөлдөж байна. Тус ном нь 1200-аад хуудастай, дөрвөн хуруу зузаантай болохоор уншихад нэлээд урт хугацаа ордог байна. Суу алдарыг мөнгөөр биш, эрх мэдлээр биш, харин зөвхөн оюун ухаанаар олдог гэдгийг суу билигт яруу найрагч Дөш (Бодонгууд Дөш.М) харуулж байна. Монголчуудын оюуны сор болсон бүтээл “Монголын их тобчиан”-ыг дэлхийн түвшинд хүргэн өрсөлдүүлж, монголоос тус зохиолыг Нобелийн утга зохиолын салбарт нэр дэвшүүлэх цаг нь болжээ. Их зохиолч Лодонгийн Түдэв гуайнх шиг дэмжилгүй орхисон шиг харамсалтай хэрэг болбол яах вэ. Монголын эдийн засаг өсөж, монголчуудын амьдралын түвшин дээшилж байгаа энэ үед оюун санааны хувьд ч монголчууд дээшилж байгааг дэлхий дахинд таниулах цаг болжээ. Тус зохиолыг англи хэлэнд хөрвүүлэн буулгах хэрэгтэй байна. Энэ ажлыг төр засаг, утга зохиолын мэргэжлийн байгууллагууд хамтарч эртнээс хэрэгжүүлдэг бололтой байна. 2012 онд сонгууль гээд улс төрийн хүрээнийхэн бужигнаж, түүнийг дагаад ард түмний сэтгэл бас бужигнасаар бүтэн жил дуусаж магадгүй юм. Нобелийн шагналыг тухайн жилийн аравдугаар сард зарладаг болохоор эртнээс үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бүтээл тэр бүр гарахгүй, хэдэн арван жил, хэдэн зуун жилд л боломжтой байдаг юм. Монгол хүн 2012 онд Нобелийн Утга зохиолын салбарт нэр дэвшинэ гэдэг бол монголчууд бид бүхний бахархал, монголчуудын оюун санааны том амжилт байх болно. Өрнөдийн (европ, америк тив) соёл иргэншил дээр тулгуурлан бичигдсэн уран зохиолууд, Дорнодын (хятадын, солонгосын, японы, энэтхэгийн) соёл иргэншил, Арабын соёл иргэншил дээр тулгуурлан бичигдсэн уран зохиолууд Нобелийн шагналд нэр дэвшиж, хүртэж ирсэн бол Нүүдэлийн соёл иргэншил дээр тулгуурлаж бичигдсэн уран зохиолыг Нобелийн шагналд нэр дэвшүүлж дэлхий дахинд нүүдлийн соёл иргэншлийн гүн ухааны үзэл, бөөгийн шашин, түүх, домог, ахуй байдал, яруу найраг, туулийн гайхамшигт бүтээл “Монголын их тобчиан”-ыг дэлхийн түвшинд гаргаж ирэх цаг иржээ.
Монголын яруу найрагч Дөш-ийн “Монголын их тобчиан” туулийн зохиол нь монголын сонгодог уран зохиол болох “Монголын нууц тобчиан”, “Гэсэр”, “Жангар” зэрэг туульсийн зохиолуудын ард байрлаж, дэлхийн яруу найргийн ноён оргилууд болох Грекийн их яруу найрагч Хомерийн “Илида”, “Одисей”, Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн үг”, Энэтхэгийн их яруу найрагч Вияс-ийн “Ра-маяна болон Махабхарата”, Киргисийн “Манас”, мөн “Давид Сасунский”, Гүржийн яруу найрагч Шота Руставелийн бүтээл “Барсан хэвнэгт баатар”, түвдийн “Гэсэр”, Францийн “Роландын дуулал” зэрэг туульстай хэмжээ, агуулгаараа зэрэгцэх түвшинд хүрсэн байна.
“Монголын их тобчиан” түүхт, баатарлаг туульсийн зохиол нь Хорин нэгдүгээр зуун дахь Монголын утга зохиолын ноён оргил байх болно.
Утга зохиол судлаач Д.Ууганбаяр

